
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр айлчлалынхаа үеэр Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийх, конгресст өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Мөн стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдтэй уулзах аж.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийн, тус улсын ерөнхийлөгчтэй ганцааралчилж уулзаж байгаа анхны ерөнхийлөгч биш юм. Монгол улсын өмнөх ерөнхийлөгчид АНУ-н тухайн үеийн ерөнхийлөгчидтэй уулзаж байлаа.

Жишээ нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны 1-р сарын 22-24-нд албан ёсны айлчлал хийж байсан бол Н.Багабанди 2004 оны 7-р сарын 14-22-нд албан ёсны айлчилж байв. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2007 оны 10-р сарын 21-ээс 11-р сарын 1-ний хооронд АНУ-д айлчилсан бол Ц.Элбэгдорж 2011 оны 6-р сарын 13-19-нд албан ёсны айлчлал хийн, ганцаарчилсан уулзалт хийж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар дагалдан яваа юм.