
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Эхэндээ уулзалт таван минутын хугацаатай болно гэж албаныхан мэдээлсэн ч бодит байдал дээр уулзалтын хугацаа 40 минут болж өнгөрчээ.
Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар юу ярьсан талаар Ерөнхийлөгчийг дагалдан очсон "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Солонго өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Сибирт болж буй гал түймрийн нөхцөл байдал тун хэцүү байгааг Доналд Трампад хэлсэн байна. Мөн түймрийг унтраахад АНУ-ын оролцоо шаардлагатай байгааг дурджээ. Үүний хариуд Д.Трамп "Манай улсад гал унтраах зориулалттай том нисдэг тэрэг байгаа. Тэрийг явуулж болох юм" хэмээн хэлсэн аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг уулзалтаа дуусгаад гарсны дараа Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин руу утасаар холбогдон түймрийн нөхцөл байдлын тодруулжээ. Удалгүй "ОХУ-д болсон түймрийн гамшигт АНУ туслахаар боллоо" гэсэн мэдээллийг ИТАР-ТАСС дамжуулсан байна.