
Нийслэл хотод амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчиноор хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилготой. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын энэ оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батласан билээ.
Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх аж. Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлсэн юм.