
Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сары 5-10-ны хоорондох цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргалаа.
Маргааш буюу наймдугаар сарын 5-нд өдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Харин энэ сарын 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.