
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн концепц, зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалтын хөгжлийн газраас зарлаад байгаа билээ. Үндэсний их баяр наадам болон Олон улсын спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой спорт, соёл урлаг, нүүдэлчдийн түүх, ёс заншил, язгуур урлагийг сурталчлан таниулах 50000-60000 хүний багтаамжтай байх зэрэг үндсэн шалгуурыг уралдаанд оролцогчдод тавьжээ.
Харин уралдааны хугацааг дуулсан иргэд "Зураг төсөл чинь тийм амархан байдаг юмуу, шалгаруулалтын хугацаа богино биш үү, тендер нэр төдий л байдаг, хэн сонгогдох нь тодорхой болчихсон байдаг" гэх сэтгэгдлүүд цахим сүлжээнд тархаад буй.

Харин, уралдааны 10 хоног хангалттай эсэхийг тус уралдаанд бэлтгэж буй нэгэн зураг төслийн компаниас тодруулахад "Уралдаанд бидний зүгээс илгээх материал бол орчны тойм, одоогийн байдал, төлөвлөлтийн концепц шийдэл, хөдөлгөөний схем, явган хүний хөдөлгөөн схем, ногоон байгууламжийн шийдэл, харагдах байдал зэргийг тусгах ёстой. Өөрөөр хэлбэл ерөнхий зураг гэж хэлж болно. Бүтээц болон инженерийн зураг төсөл шаардлагагүй болохоор 10 хоногийн хугацаанд амжина л даа. Мэдээж гүйцэтгэлээ илүү сайн хийхийн тулд шөнө, оройгүй л ажиллаж байна даа" гэсэн юм. (Жич: Уралдааны шалгаруулалт эхлээгүй байгаа тул мэдээлэл өгсөн зураг төслийн компанийн нэрийг дурдаагүй болно)
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ наймдугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авах гэнэ.
Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай эл уралдааны бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулах аж.
.