
Дархан хотын иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлаж, үерийн төв далантай холбох ажлыг 2020 оны ажилдаа тусгахыг аймгийн удирдлагаас хүслээ.
Өнгөрсөн өдрүүдэд орсон ширүүн борооны үеэр айлууд руу үерийн ус орж багагүй хүндрэл учруулсан байна. Аймгийн Засаг дарга дээрх айлуудын санал, хүсэлттэй газар дээр нь танилцсаны дараагаар эхний ээлжид эксковатораар үерийн сувгийг сэргээх ажлыг орон нутгийн төсвийн нөөц боломжоор хийхээр болов.
Энэ жилийн хувьд орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр Дархан хотын үерийн ус зайлуулах далангуудад урсгал засвар хийнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг байгуулахаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс төлөвлөж байгаа аж.
