
С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг гарсан билээ. Тус хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ. Энэ талаар УИХ гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.
"Би хуульч хүн учир бүх асуудал хуулийн хүрээнд явагдах ёстой гэж хэлмээр байна. Долдугаар сарын 24-ний өдөр ТЕГ, УПЕГ-т албан бичиг явуулсан. 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн зүгээс С.Зоригийн захиалагчийг олох эрүүгийн хэргийг санаатайгаар бусниулах зорилготой хэсэг бүлэг этгээдүүдийг тогтоосон. Үүнд, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх энэ асуудлын үнэн учрыг олуулахаар хандсан албан бичиг байгаа юм. Хэрэв үнэн болж таарсан ч тэр хүмүүсийг албан ёсоор мэдээлэх боломжгүй. Албан бусаар Ц.Нямдорж болон бусад хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл өгсөн.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэхээр танд хаанаас мэдээлэл өгсөн бэ?
-Улсын ерөнхий прокурорын зүгээс мэдээлэл өгсөн. Ер нь энэхүү шүүх хурал надад тийм ч сонин биш байна. Би ердөө шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ялангуяа МАН-ынхан болоод Ерөнхийлөгчийн зөвшилцөл хэрхэж байгаа талаар л санаа зовж сууна.
Би ойрын хугацаанд хөөн хэлэлцэх асуудлаар хуулийн төсөл санаачлан өргөн барих гэж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн байгаа үедээ хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй байж байгаад буухаар нь шинээр тоолоод өмнөх хэргүүдийг нь шууд шалгадаг байхаар хуульчлах гэж буй. Энэ нөхдүүдийн хувьд өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн болохоор маш их санаа зовж байгаа байх. Тийм учраас жагсаад ч, гүтгээд ч хамаагүй ямар нэгэн аргаар ял өгөх ёстой гэсэн байдлаар яваад байна. Уг нь гэм буруутай үгүйг шүүх тогтоох учиртай юм.