
Өнгөрөгч амралтын өдрүүдээр 2000 цааны баяр боллоо.
Тус баярыг Якутын Цаачдын зөвлөлтэй хамтран хийжээ. Мөн Туркийн ТИКА байгууллагаас эл баяраар өмсөх 330 ширхэг үндэсний хувцсыг Хөвсгөлийн цаатнуудад бэлэглэсэн байна. Наадмын үеэр зөвхөн цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр үзүүлсэн аж. Тухайлбал, эрчүүдийн дунд гец салор буюу самар шидэх, цүү хаях, төрөл бүрийн хурд, хүчний тэмцээн зохиож, ураг барилдах, тува бөөгийн шидийг харуулах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулжээ.

Жуулчдад тайгын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцыг харах боломж бүрдүүлэх зорилгоор тус наадмыг Цагааннуур сумын төвөөс 35 километр зайд байрлах Хар нуур хэмээх газарт зохион байгуулсан байна.

Цаатнууд 2006 онд 814 толгой цаа тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 2396 толгойг тоолуулжээ. Энэ нь 2006 оныхоос 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Төрөөс сүүлийн жилүүдэд цаа бугын тоо толгойг өсгөх бодлого хэрэгжүүлж буй. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ- аас 20 цаа авчирч цус сэлбэсэн байна. Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын тагд хаг, хөвдөөр тэвээрэг авдаг. Иймээс цаатнууд өвөл цас дагаж амьдардаг. Харин зуны улиралд навчит буюу буурцагт ургамал бүхий газар бэлчээрлэдэг юм.
