
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хичээлийн шинэ жилийг угтан “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөрлөг, арга хэмжээг өнөөдөр анх удаагаа зохион байгууллаа.
Энэ жил Засгийн газраас иргэдэд нээлттэй үйлчлэх, үйлчилгээг шуурхай хүргэх бодлогыг хэрэгжүүлж эхлээд буй. Тус ажлын хүрээнд хичээлийн шинэ жил боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогод гарсан шинэчлэл, өөрчлөлт, түүний дагуу хэрэгжүүлэх ажлууд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хийсэн хөрөнгө оруулалтын явц, багш нарын хөгжүүлэлтийн талаар зэрэг мэдээллийг цогцоор нь хүргэж буй нь энэ юм. Түүнчлэн их, дээд сургуульд элсэж байгаа оюутан, тэдний эцэг эхчүүдэд бүрэн мэдээллийг нэг дороос өгөхийг зорьжээ. Мөн үйлчилгээг чирэгдэлгүй болгох үүднээс мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлснээ танилцууллаа. Ингэснээр сургалтын байгууллага хоорондын бичиг цаасны ажил болон дамжлага багасах аж. ЕБС-ийн төгсөгчид сум, аймаг, хот руу бичиг баримтаа шилжүүлэхэд ихээхэн хүндрэл гардаг байжээ. Тэгвэл цахим системийг нэвтрүүлснээр эдгээр бэрхшээлүүд шийдэгдэх юм.

Өдөрлөгт Боловсролын яамны харьяа дотоодын 10 газар, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, дээд боловсрол хариуцсан байгууллага, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд оролцлоо.
Мөн харьяа байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээгээ иргэд олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж, ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцасны талаарх мэдээлэл, ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл, нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагаа, Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх юм.

Тус арга хэмжээ, мэдээллийн өдөрлөг маргааш буюу лхагва гарагийг дуустал (наймдугаар сарын 21-ний 09:00-17:00 цагт) БСШУС-ын яамны гадна талбайд үргэлжилж, эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.
