
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан ЕБС-ийн хичээлийн агуулга хөтөлбөр, хичээлийн жилийн зорилго, зорилтын талаар мэдээллээ.
Иргэний боловсролын хичээлийн агуулга, түүнийгээ дагаад номонд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл оруулах аж. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажиллажээ. Сайд Ё.Баатарбилэг "Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм" гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцах бөгөөд энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдсэн дүн юм. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжих аж.
Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн байна. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ.