
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 233 дахь өдөр бөгөөд он дуусахад 132 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 379.20, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Novotel зочид буудлын 4 давхарт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөнийг зохион байгуулна.
- ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг 11.00 цагаас Туушин зочид буудалд зохион байгуулна.
- "Ѳнөөдрийн Монгол" олон улсын фото сэтгүүлчдийн хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгийн нээлт 13.00 цагт Занабазарын музейд болно.
- Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт 10.00 цагт Монголын архитекторчдын холбоон дээр болно.
- “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр 09.00-17.00 цагт БСШУС-ын яамны гадна талбайд үргэлжилж, эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Энэ өдөр Христийн шашны голлох хэд, хэдэн өдөр тохиодгоос Ариун гэгээн Нок болон IX Пьюс пап ламын өдрийг нэрлэж болно. Мөн түүнчлэн Марокко улсын залуучуудын өдөр бөгөөд VI Мохаммед хааны мэндэлсэн өдөр юм.
- 2001 онд Хуучин Югославын бүгд найрамдах Македон улсад болж байгаа иргэний дайныг харгалзан НАТО буюу Умард Атлантын Цэргийн Эвсэл энхийг сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.
- 1991 онд Латви улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаарлагдаж байгаагаа зарлажээ.
- 1968 онд АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч бага Жеймс Андерсоныг Алдарын төлөөх медалиар нэхэн шагнах шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Ингэснээр хар арьст хүн тус медалийг авсан анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн байна.
- 1959 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавайг нэгдсэн улсын 50 дахь муж улс болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Хавайчууд албан ёсны баяр болгон тэмдэглэдэг билээ.
- 1957 онд ЗХУ холын тусгал бүхий R-7 Семёрка пуужинг амжилттай туршив. Энэ нь дэлхийн түүхэн дэх тив алгасагч анхны пуужин юм.
- 1911 онд Луврын музейн ажилтан Леонардо да Винчийн сод бүтээл болох Мона Лизаг хулгайлж байжээ.
- 1888 онд Дэлхийн түүхэнд хамгийн анхны кассын машиныг зохион бүтээгч Уиллиам Сьюуорд Борроус албан ёсоор патентжуулав.