
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн. Иймд НГЗБА-аас зөвшөөрөлгүй барьсан барилга, хашаа, хайс, ТҮЦ-ыг буулгаж газрыг чөлөөлж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Авто замчдын гудамжид байрлах нийтийн эзэмшлийн талбайг хашаалж явган хүний зам талбайг хаагдуулсан иргэн Г.Э-гийн хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ.

Мөн тус дүүргийн нэгдүгээр хороо, Авто замчдын гудамжид байрлах "Ай Ти Интернэшнл" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай буюу нийтийн эзэмшлийн талбайг хашаалсанаар явган хүний зам хаагдсан. Уг зөрчлийг арилган явган хүн чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхээр 24м урт хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн байна.