
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар байгаль орчин, уул уурхайн салбарт тулгамдаж буй 24 асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр агаарын бохирдлын бууруулах Засгийн газрын бодлогын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад хамгийн их тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол. Ялангуяа өвлийн улиралд шинээр мэндэлсэн таван хүүхдийн гурав нь уушгины үрэвсэлтэй байна. Энэ нь хорт хавдрын гол эх үүсвэр гэдгийг бид мэднэ.
Засгийн газраас ирэх өвөл агаарын бохирдлыг 50-70 хувь бууруулна гэсэн зорилт тавьж байгаа.
Одоогийн байдлаар 150-160 мянган тонн шахмал нүүрс үйлдвэрлээд нөөцөлсөн. Гэвч Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээ 600 мянган тонн гэсэн тооцоо байна. Гэхдээ хүртээмжийн хувьд санаа зоволтгүй. Бид сар бүрт нь үйлдвэрлээд нийслэлчүүдийг хангачихна.
Хамгийн гол асуудал бол үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэлх авто зам эвдрэлтэй байна. Үүнийг засахад хөрөнгө мөнгө шаардлагатай" гэлээ.