
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Энэ үеэр Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч, улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм.

Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны 6 дугаар сард эхлүүлж, энэ оны долдугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд авто замын барилгын ажлыг нийт 13 сарын хугацаанд барьж дуусгасан байна. Ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн групп" ХХК ажиллаж, Их Богд зам ХХК, Их Монгол барилга ХХК, Төгс зам ХХК, Ди Ар Жи ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулжээ.
Дээрх авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой болж, эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэр ашиглалтын зардал багасаж зорчигч, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа юм.