
"Нарны хүү Сарны охин" ХХК-аас таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадаагүй иргэд өнөөдөр амиа хорлохыг завдав. Эдгээр иргэд "Амар амгалан" хотхоны дээвэр дээр цуглах үед цагдаагийн ажилтнууд тус газрыг хамгаалалтад авлаа.
"Нарны хүү Сарны охин" гэх компани нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүргэсэн байна.
Энэ талаар тус компанид байрны захиалага өгсөн иргэнээс тодруулахад "Миний хувьд хоёр жилийн өмнө Амар амгалан I-т орохоор захиалга өгсөн. Барилга ашиглалтад орсон байхад биднийг оруулахгүй байгаа. Би тавдугаар сарын 22-ноос эхлээд Амар Амгалангийн гадна өдөр болгон зогсож миний асуудлыг яасан бэ гэж асуудаг. Гэтэл ажилчид нь ажлаа мэдэхгүй захирал мэднэ гээд хэн ч юм хэлдэггүй.

Анх айлууд м.кв-ыг нь 1,250,000 төгрөг, 1,450,000 төгрөгөөр захиалсан байхад одоо энэ компани бүх байраа 1,800,000 төгрөгөөр борлуулж, ашиг олох гэж байна. Олон айлуудыг хохироож байна. Өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан гоё юмнуудаа бидэнд хүртэл ярьж итгүүлсэн. Би хоёр өрөө байранд орох захиалга өгч 11,165,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь асуугаад шалгаатал манай байрыг зарчихсан байсан.
Гэхдээ би ажилчдынх нь хариуцлагагүй байдлыг ашиглаад нэг өрөө байранд орчихсон байгаа. Намайг хөөж гаргана уу хамаагүй. Хэрвээ миний асуудлыг шийдэж хоёр өрөө байранд маань оруулах эсвэл, мөнгийг минь буцааж өгөхгүй бол би явж чадах газар хүртлээ явна" гэлээ.
