
Японы нийслэл Токио хотод болох 2020 оны зуны Олимпийн наадмын албан ёсны цахим хуудаснаа Курилын арлуудын өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр мэт дүрсэлсэн тухай «ТАСС» агентлагийн тавьсан асуултад ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хариулжээ:
-Токио-2020 зуны Олимпийн наадмын албан ёсны цахим хуудаснаа Курилын арлуудын өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр мэт дүрсэлснийг та хэрхэн тайлбарлах вэ?
-ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг болох Курилын арлуудын өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр мэт тодорхойлсон аливаа хэвлэлийн, аудио, видео болон бусад материалуудыг ашиглах нь зохисгүй болохыг Японы талд удаа дараа анхааруулж байв. Тухайлбал, «Их хорийн» дээд хэмжээний уулзалтын үеэр түншүүд маань ижил төстэй үйлдэл хийхэд энэ оны 7-р сарын 2-нд ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва дахь Японы ЭСЯ-нд эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Япон Улс Олимпийн наадам хэмээх олон улсын спортын чухал арга хэмжээг улс төржүүлэх гэсэн ийнхүү эрмэлзэлд нь, мөн ард түмнүүдийн эв нэгдлийг сурталчлах зорилготой уг наадмыг зохион байгуулагч орныхоо үүргийг илт урвуулан ашиглаж буйд нь харамсаж байна.
Үүний зэрэгцээ Курилын арлуудын өмнөд хэсэг нь Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд хууль ёсны дагуу манай улсад харьяалагдах болсон тул Японы ийм төрлийн аливаа үйлдэл нь бодит байдлыг өөрчилж, ОХУ-ын бүрэн эрхт байдалд эргэлзээ төрүүлж чадахгүй гэдгийг онцолмоор байна.
Эх сурвалж:ПРвМ