
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн “Цамбагарав” гэдэг газар Итали улсын харьяат Л /76 настай, эрэгтэй/ аялал, жуучлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар наймдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт “Цамбагарав” уулын бэлд хүргүүлж, “Цамбагарав” ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна. Энэ талаар “Казак тоур” ХХК-ийн захирал Д наймдугаар сарын 25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч,1 автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 6 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар А.Ерханатаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай, нийт 11 хүн, 1 эрэлч нохой, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:10 цагт очжээ. Нийт 20 хүн, 1 эрэлч нохой, 3 автомашинтай ажиллаж, иргэн Л нь 25-ны орой малчин Д-ынд хоноглоод Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар Улаанбаатар хот руу явсныг тогтоожээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.