
Өчигдөр /2019.08.26/ Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын нийслэл хотыг Борнео арал руу шилжүүлэх болсон тухай мэдэгджээ. Шилжүүлэх болсон шалтгаан нь тодорхой. Нэгдүгээрт одоогийн нийслэл Жакарт хот хамгийн түрүүнд замын түгжрэлээрээ алдартай. 2016 оны байдлаар дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор шалгарч байжээ. Хоёрдугаарт тус хот намгархаг газар байрладаг бөгөөд хотын зарим хэсгийн хөрс жилд 15 сантиметрээр сууж байгаа аж. Үүнээс гадна хотын бараг тэн хагас нь далайн түвшнээс доош байрлаж байгаа ажээ.10,0 сая хүн амтай уг хот бохир усныхаа дөнгөж 2-4 хувийг л цэвэршүүлж хэрэглэдэг гэнэ. Шинэ нийслэлийн нэр одоохондоо тодорхойгүй байгаа аж. Ерөнхийлөгч Видодогийн хэлснээр шинэ нийслэлийн байршил стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд байгалийн гамшигт өртөх эрсдэл “бага” гэдгийг тэрбээр онцолжээ. Нийслэлээ нүүлгэх ажил нийтдээ 33 тэрбум долларын өртөгтэй байх аж