Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Гэвч зарим эх сурвалжийн цагийн хуваарийн зөрүүтэй мэдээлэл болон түгжрэлээс үүдэн үзүүлбэр үзэхээр ирсэн иргэдийн дийлэнх нь хоцорч очжээ.
Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засвартай байснаас улбаалж Эмээлтийн замд томоохон хэмжээний түгжрэл үүссэн байна. Угтаа бол Хүй долоон худаг руу Дарханы замаар тойрч орох боломжтой аж.
Энэ үеэр авто зам дээр түгжирч явсан иргэн Б.Балдоржоос тодруулахад "Бид ажлын хамт олноороо ажлаа хойш тавин байж нэг өдрийг нислэгийн үзүүлбэр үзэх гээд явж байсан юм. Гэтэл бүтэн хоёр цагийн турш зам дээр түгжирч үзүүлбэр үзэж чадаагүйдээ харамсаж байна. Хэрэв Дарханы зам нээлттэй байсан бол ийм зүйл болохгүй байсан юм" гэлээ. Замд түгжирсэн иргэд амьдралд ховор тохиох мөчийг харж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа ийн илэрхийллээ.