
"Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 4-ний өдрийг дуустал явагдаж, нийт 35,003 иргэн мэдээллээ илгээсэн билээ.
Тэгвэл сонгон шалгаруулах комисс иргэдийн материалыг эхнээс нь эрэмбэлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдийг түрээсийн байранд оруулахаар ажиллаж буй аж.
Харин зарим хэвлэл мэдээллийн байгууллага түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт будлиантай явагдаж байгаа талаар удаа дараа бичиж байсантай холбогдуулан НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр "Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй, ажил гацаж зогсоогүй, энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т асуудалд орсон эсвэл шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ийм хариуцлагагүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг АТГ болон цагдаагийн байгууллага өгч, зөрчлийн хэрэг үүсгэнэ” гэлээ.