
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрөөс Хүдэр, Ерөө сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөл, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй долоон нөхөрлөл, гурван иргэн, тусгай зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгжийг хамрагдсан бөгөөд гэрээгээр заасан талбайгаас өөр газарт дураараа байршил тогтоож ухсан, талбайг хэтрүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэтрүүлсэн, ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүй, төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн АМГТГ-ын дүгнэлтгүйгээр сумын Засаг дарга гэрээ байгуулсан, бичил уурхайгаар ажиллах талбайг сум орон нутгаас зааж өгөөгүй, бичиг баримт дутуу байхад тойрох хуудас олгосон зэргээр орон нутгийн хяналт сул байгаагаас нөхөн сэргээлт орхигдож байгаль орчин бохирдох эрсдэлийг үүсгээд байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн хэрэгжилт хангалтгүй, “Капитал авто сервис” ХХК нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ.
Хяналт шалгалтын явцад ашигт малтмал олборлогчид техник тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг овоолго карьер, модонд нуун далдлах, эд ангийг нь салгаж авах зэргээр хүндрэл учруулж байгаа бөгөөд нуусан зургаан экскаваторын эд ангиудыг хураан авч, бага оврын угаах төхөөрөмж таван ширхэг, скруббер хоёо ширхэг, гэр 15 ширхэг, өөрөө ачигч ковш 2хоёр ширхэг, “ЗИЛ131” авто машин нэг ширхэг, шатахуун түгээх цистерн нэг ширхэг портер машин нэг ширхэг, ачааны Хово машин нэг ширхэгийг албадан буулгаж түр саатуулан Бугант тосгоны ажлын хэсэгт хүлээлгэж өгөөд байна. Мөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг нь зогсоож, нөхөн сэргээлт хийх үүрэг өгчээ.