
“Хичээлийн шинэ жил 2019-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сургуулиудын ойр орчим дахь эрсдэлтэй цэгүүдийг тодорхойлж цагдаагийн авто болон явган эргүүл ажиллуулах, согтууруулах ундаа хэрэглэж байгаад эрүүлжүүлэгдсэн оюутан, сурагчдын судалгааг гаргаж тухайн сургуульд албан бичиг хүргүүлэхээ өчигдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газар (НЦУГ)-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн мэдээллээ. Мөн сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэгт өртөх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Сургуулийн эргүүл”, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ерөнхий боловсролын сургуулиудад эрх зүйн сургалт зохион, хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Жил бүрийн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд хөл хөдөлгөөн ихсэхээр гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын хяналт камерын ашиглалтыг шалгах ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Их, дээд болон ерөнхий боловсролын 179 сургуулийг шалгахад 25 нь зөрчилтэй байсан. Иймд дүрс нь гардаггүй, гацдаг, хадгалалтын горим хангаагүй ба чанарын шаардлага хангаагүй камеруудыг сайжруулах талаар ЦЕГ-аас сургуулийн захиргаануудад мэдэгдэл, шаардлага хүргүүлж байна” гэлээ. Харин ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Өдөрт 5-6 хүүхэд зам, тээврийн осолд орох нь энгийн үзэгдэл боллоо. Хичээл сургуульдаа явж байсан хүүхэд зам, тээврийн осолд өртвөл сургуулийн захирал хариуцлага хүлээдэг болж байгаа” гэж хэллээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа