
Халх голын дайны фронтод Монголын армийг удирдсан залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын нээлт өнөөдөр боллоо. Залуу жанжины охин Л.Лхагвадулам номын нээлтийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “1979 онд аав минь Болгар улсад элчин сайдын алба хашиж байсан. Тэнд байхад нь “Халхын гол” ном анх хэвлэгдэж байсан юм” гэв. Ном анх бүтсэн түүхийг сөхвөл;
1975 оны зургадугаар сард өрөлтөнд орсон боловч дөрвөн жил хэвлэх үйлдвэрт байсаар 1979 оны долдугаар сард хэвлэлтэд шилжсэн байна. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буй өнөө жил 2 дахь удаагаа хэвлэгдэж буй юм. Уг ном Халхын голын дайн эхлэхээс өмнөх үе, давшилтад бэлтгэх үе, ерөнхий давшилт, дайны төгсгөл, үр дүн, сургамж зэрэг нийт зургаан бүлгээс бүрджээ.
Ташрамд сонирхуулахад, залуу жанжин Ж.Лхагвасүрэн “Цэрэг эрийн замналаас” (1971 он), “Олон жилийн зузаан нөхөрлөл” (1975 он) зэрэг ном бичиж, хэвлүүлсэн байна. Дуусгаж амжаагүй “Сэтгэлд шингэсэн он жилүүд” номыг нь Да.Дамдиндорж, Б.Жанчив нар 1984 онд хэвлүүлжээ. Мөн 1968 онд бичиж дуусгасан “Монголын ардын армийн дайчин замнал” түүхийн тэмдэглэл номыг нь хэвлэхийг хориглож байсан байна. Хэвлэхийг хориглосон уг номыг сэтгүүлч хурандаа Да.Дамдиндорж агсан хожим “Тулалдаант он жилүүд” нэртэй хэвлүүлсэн аж.
Э.Булган