
“Samsung” компани “Galaxy Fold” загварын эвхэгддэг ухаалаг гар утсаа есдүгээр сарын 6-нд худалдаанд гаргах болсноо мэдээлжээ. Эхний ээлжид БНСУ-д, дараа нь бусад орны зах зээлүүдэд нийлүүлэх гэнэ. 2 мянган долларын үнэтэй эл гар утас өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч утсанд эвдрэл үүсэж хойшлогдсон юм. Шинжээчид шалгаж үзэхэд эвдрэл зарим хүн утасны дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ. “Galaxy Fold” гар утасны дэлгэцийн дээд давхарга нь уян дэлгэцийг урагдахаас хамгаалдаг бөгөөд үүнийг салгаснаар гол дэлгэцэд ямар нэгэн эвдрэл үүсэх боломж нээгддэг гэнэ. Шалгалтын явцад гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна. “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, зургаан камертай,7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай аж. Мөн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаантай бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох аж.