
Өмнөд туйлын эзгүй арал дээр ч амьдрал бий. Зэлүүд тал нутагт ч бүгд амьдрахын төлөө тэмцэж буй. “Өмнөд туйлын хайр” киног үзсэний дараа тархинд ийм бодол харван орж ирсэн сэн.Хурим зохион байгуулдаг компанийн эзэн У Фүчунь, Огторгуйн физикч Жинь Ру И нар хөлөг онгоцонд хамт сууж буйгаар уг кино эхэлдэг. “Тэр өдөр” онгоц нисээгүй бол... агаар тогтуун байсан бол...онгоц осолдоогүй бол...тэд хэзээ ч учрахгүй байсан. Учрахгүй... Гэвч хувь тавилан арай өөрөөр эргэсэн юм.
У Фүчунь, Жинь Ру И хоёроос гадна онгоцонд нэгэн орос бүсгүй хамт явж байсан билээ. Онгоц далай дээр унасан бөгөөд Жинь Ру И хөлөө гэмтээж орос бүсгүй амиа алддаг. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, эзгүй зэлүүд газар амьд үлдэх нь л тэдний цорын ганц зорилго байлаа. Судалгааны станц олж амь аврагдахын төлөөх эрэл хайгуул хийж байхдаа зан ааш тэнгэр газар шиг өөр ч заяа тавилангийн эрхээр холбогдсон тэд байгаль дэлхийг сүрдэн биширч, хайр дурлалыг ойлгон ухаардаг юм.
Тамд ч, диваажинд ч,
Өдөр ч, шөнө ч,
Өглөө ч, орой ч,
Ням гарагт ч,
Лхагва гарагт ч
Хайр бол хайр / Луи Арагон /
Гол дүрийн эмэгтэй Жинь Ру И хүнд өвчтэй байсан ч тэд 75 өдөр хамтдаа амьдрахын төлөө тэмцдэг. Нэгэн өдөр У Фүчунь загас бариад буцаж явахдаа мөсөн ангал руу унаж, ангалд хоёр гурав хонодог. “Хэрэв би үхчихвэл тэр ч бас үхнэ. Би амьд гарах хэрэгтэй ” гэж амандаа бувтнахад нь хэн намайг ингэж хайрлаж чадах бол гэсэн бодол эрхгүй төрсөн билээ. Магад хайр дурлал л хүнийг хүн хэвээр нь үлдээж чадах цор ганц зүйл байх.
Мөсөн ангалд унаж, далайн мөс цөмөрч доош унасан ч, цасан шуурганд бэдэрч яваад нүд нь харахаа болсон ч амьдрах итгэлээ гээгүй тэр эр гагц өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө хүн хэрхэн амьдарч болдгийг үлгэрлэсэн юм. Хайр сэтгэлийн нарийн нандин холбоо, хүний оршихуйн олон талт асуудлыг хөндсөн уг киног хэрэв үзээгүйсэн бол амьдрах өдрүүд минь хэчнээн амьгүй хоосон санагдах байсан бол.
Жаргалтай хормуудад биш, амьдралын хүнд мөчүүдэд л хамт байсан нэгнээ бид эрхгүй дурсдаг. Одоо ч хуримын компанийн эзэн У Фүчунь Огторгуйн физикч Жинь Ру Иг дурсан суугаа даа. Тэр бас Жинь Ру И-ний уншиж өгсөн шүлгийг мартаагүй байх.
Хэрвээ би үхчихвэл
Чи минь
Үргэлжлүүлэн амьдраарай
Би чамайгаа хүлээж л байна.
Чи минь энэ салхины чимээг
Сонссон хэвээрээ үлдээрэй.
Хамтдаа
Дурладаг байсан далайн үнэрийг
Мэдэрсэн хэвээрээ байгаарай...
Бэлтгэсэн: Э.Булган