
Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллажээ. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар юм.
Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярихдаа "Манай хот жил ирэх бүр өргөжин тэлж байна. Үүнийг дагаад түгжрэлийн асуудал нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотын иргэд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Энэ хотыг анх 500 мянган хүнд төлөвлөж байгуулсан. Гэвч өдгөө хүн ам нь гурав дахин их нэмэгджээ. Түгжрэл, агаарын бохирдол, орчны бохирдол гэх мэт олон асуудлууд бидэнд тулгарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд уг бүтээн байгуулалт том ач холбогдолтой гэдэгт итгэж байна.

Мөн удахгүй Налайх, Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил хийгдэж дуусна. Бүтээн байгуулалт явуулахад Засгийн газарт олон хүндрэл бэрхшээл байгааг ард иргэд минь ойлгож байгаа байх. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Энэ жил бороо хур их орж, зам засвар, барилга угсралтын ажил олон хоногоор саатсан. Гэхдээ багахан хугацаанд гүүрийн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн компаниудад гүнээ талархаж байна" гэв.
Гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх зорчиж явсан иргэдэд "анхны зорчигч" болсонд нь баяр хүргэлээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой аж.
