
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд хэрэгт холбогдох хоёр талыг оролцохыг урьсан боловч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуралд ирэлгүй, албан бичиг ирүүлсэн бол сэтгүүлч Н.Өнөрцэцэг ирсэн юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Сүүлийн өдрүүдэд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Ингэхдээ нэрээ нууцалсан, эзэн биегүй хаягаас мэдээлсэн зүйл алга. Энэ мэдээллийнхээ хариуцлагыг сэтгүүлч өөрөө хүлээнэ гэж би ойлгож байгаа. Хамгийн гол нь дэлгэсэн мэдээлэл нь үнэн бодит эсэх болон ямар эх сурвалжаас авсан болохоо тайлбарлах ёстой. Шаардлагатай тохиолдолд эх сурвалжаа нууцлах ч эрхтэй.
Харамсалтай нь, сүүлийн өдрүүдэд Н.Өнөрцэцэг болон zarig.mn сайт руу маш ихээр доромжилж, дайрч байна. Энэ асуудал хэрээс хэтэрлээ.
Бид хамтдаа хараат бус сэтгүүл зүйн төлөө хамтдаа тэмцэх ёстой. Хэн нэгэн сэтгүүл зүйг, сэтгүүлчийг, редакцыг, хэвлэл мэдээллийн байгууллагыг шантаажлаад, дарамдалж, айлган сүрдүүлж, шүүх цагдаагаар далайлган дуугүй болгож чадахгүй гэдгийг үлгэрлэж харуулах ёстой. Сэтгүүлч үнэхээр баримттай мэдээлэл цацсан бол түүнийгээ хамгаал, үгүйб бол хариуцлагаа хүлээ. Болсон үйл явдлыг ярьж өгөөч.

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг: Би жагсагч, тэмцэгч, хуульч биш, энгийн л нэг сэтгүүлч. Энэ бол УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоорондын тэмцэл биш. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж асар их мөнгө хувьдаа завшсан хэргийн талаар ярьж байгаа юм. Би баримтаа ил болгоё. Эхлээд www.shuukh.mn сайтад гарсан шүүхийн шийдвэр, parliament.mn дээр гарсан Монголбанкинд хийсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлт дээр түшиглээд асуудлыг гаргаж тавьсан. Ямар нэгэн захиалга бол байхгүй.
Асуудал анх 16 жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тухайлбал, 2003-2006 оны хооронд “Монполимет” ХХК нь Монголбанктай гурван гэрээ байгуулсан. 2007 онд гэрээ дуусгавар болсон. Гэрээ дуусахад “Монполимент” ХХК, Монголбанк хоёрын хооронд их хэмжээний өр авлага үүссэн байдаг. Монголбанк 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөгөөр хохирч, уг хохирлыг нь “Монполимет” ХХК төлнөө гэдгээ 2008 онд илэрхийлсэн байдаг. Үүнээс хойш төлбөрөө бага багаар буюу 43 мянган ам.долларыг төлөөд явж байсан. Гэтэл Ц.Гарамжав гишүүн нэг л өглөө уг төлбөрийг төлөхгүй хэмээн зарга үүсгэсэн байдаг. Төлөхгүй явсаар 2008-2012 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 онд Монголбанк шүүхэд зарга үүсгэсэн ч “Монполимент” ХХК-ийн талд шийдвэрлэсэн байсан.
Ц.Гарамжав гишүүн бүгдийг нь дуудаж чадахгүй ч ганц нэг хэвлэлд ярилцлага өгөөд байгаа. Уг ярилцлагадаа бид Монголбанкинд өглөггүй, харин ч авлагатай, энэ бол бодлогын шийдвэр байсан гэж ярьсан байна билээ. Хэрвээ “Монполимент” компанийн буруу байгаагүй юм бол Ц.Гарамжав гишүүн төлбөрөө төлнө гэж гарын үсэг зураад төлөөд явж байсан юм бэ. Хоёрдугаарт, яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр энэ хэргийг хаалгаж байгаа юм бэ? Ингэж байгаа нь өөрийн хэргээ хүлээн зөвшөөрөөд хуулийн цоорхойг ашиглаад хаалгаж байна гэсэн үг.
Монголбанкнаас тайлбар авах гээд холбогдож үзлээ. Хэвлэлийн төлөөлөгчид нь ч утсаа авахгүй байна. Монголбанкны ерөнхийлөгчөөс яагаад “Монполимет”-ын 10 тэрбум төгрөгийн өрийг эрсдэлийн сангаас хаасан юм бэ гэдгийг л би асууна.
Цементийн үйлдвэртэй, алтны уурхайтай, намтай, фракцтай ийм баян хүнтэй шалдан сэтгүүлч тэмцэх хэцүү байдаг юм байна. Гэхдээ би хоосон зүйл яриагүй. Баримтыг л харуулсан.
Өчигдрөөс манай сайтыг хакердаж эхэлсэн. Иймд бид сайтаа хаалгаж байгаад, хакерын дайралтаас хамгаалж чадсан.