
Өчигдөр иргэн Т.Энхсайхан ЦЕГ-ын ахлах байцаагч Ч.Ойдовыг 500 сая төгрөгийн авлига авч, сэтгүүлчдэд 3-5 сая төгрөг тараасан хэмээн мэдээлсэн.
Мөн түүний эхнэр ЦЕГ-ын Хэвлэлийн албанд ажилладаг М.Мөнхшүрийг Ц.Нямдоржийн нөлөөллөөр ЦЕГ-т томилогдож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаад саатуулагдахдаа өөрийгөө Ц.Нямдоржийн дүү байна хэмээн эсэргүүцэл үзүүлээд зогсохгүй замын цагдаагийн албан хаагчийн нүүрийг самардсан хэмээн Т.Энхсайхан ярьж байсан.
Тэгвэл өнөөдөр цагдаагийн ахмад М.Мөнхшүр өөрийн фэйсбүүк хуудаснаа залруулга хийж дараах постыг бичжээ.
Тэрбээр "Ямар цаг хугацаа, он жилүүдийг хэрхэн туулж ирснийг мэдэхгүй хэр нь мэддэг, таньдаг мэт таван төгрөгөөр өөрийгөө худалдан байж нүд цавчихгүй худал ярьж, мөрөөрөө ажлаа хийж яваа гэмгүй нэг цагдаагийн алба хаагчаар улс төр хийж байгаад урам хугарч байна. Уучлаарай, би улс төр мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Цагдаа болох мөрөөдлөө тээсээр цагдаагаараа л энэ хорвоогоос буцна.
Намайг сэтгүүлчдэд мөнгө тараасан гэв үү. Хэрэв надаас мөнгө авсан, авлига, хээл хахууль хүртсэн сэтгүүлч байвал шударгаар гараад ир. Тэгвэл би төрийнхөө тугийг бүтэн нэг тойрч, сүлдэндээ ёслоод “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж ажлаа эхэлсэн ч “Монгол Улс минь уучлаарай” гээд мөрдэсөө тайлаад Монголын цагдаагаас гарч одъё.
Миний мөрөндөө гялалзуулсан ахмад цол, албан тушаал минь үрээ үнсээд үүрээр гарч одсон өглөө бүрийн үдэш унтаж байхад нь үнсээд хөнжилд нь шургасан өдөр хоногуудын үнэндээ зөв шударгаар хөдөлмөрлөсөн он жилүүдийн минь гавьяа шагнал юм шүү. Мөрдөн байцаагч байхдаа алдаж үзээгүй, сахилгын болон прокурорын шаардлага авч үзээгүй цаг хугацаа үүнийг гэрчлэх биз" гэлээ.