
Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр төв талбайд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, ШШГЕГ, Хил хамгаалах байгууллага, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль зэрэг тус яамны харьяа 12 агентлаг оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө авах, бүх төрлийн өргөдөл мэдүүлэг гаргах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг олголоо.

Мөн үеэр бүх төрлийн лавлагаа олгохоос гадна хаяж үрэгдүүлсэн бичиг баримтыг газар дээр нь нөхөн олгох буюу солих үйлчилгээ үзүүлэв. Тухайлбал, иргэдэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтыг 1-2 цагийн дотор нөхөн олгожээ.

Өдөрлөгийн нээлтийн үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлбэр, албаны нохойн болон мотоциклын үзүүлбэр болон алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлбэрийг сонирхуулж, хорих ангийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг олонд дэлгэсэн байна.