
Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр Барилгын Политехник Коллежид эхлэх "Хүртээмжийн өдөрлөг" боллоо.
Тус коллежийн мэргэжлийн багш, суралцагчид дадлага ажлынхаа хүрээнд сургуулийнхаа орчныг сайжруулж, хүртээмжтэй орчныг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуус барилгын мэргэжлийг сонгон суралцах боломжтой, хүртээмжтэй орчинтой болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод "Түгээмэл Хөгжил-Бие даан амьдрах төв", Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоод засварын ажилд оролцон, орчны үнэлгээг засварын өмнө ба дараа хийж, хяналт тавьж, зөвлөн ажиллаж, оролцсоноороо онцлог юм.
Хүртээмжийн өдөрлөгөөр засварын ажлын үр дүнг танилцуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зүгээс хөгжлийн бэрхшээл, тэгш хамрагдалт, хүртээмжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна. “Мэргэжил - Мэдээлэл” сэдэвт ажил мэргэжлийн чиг баримжааны бүлгийн болон ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ, ХБИ-дэд үзүүлж, мэргэжлийн багшийн удирдлага дор барилгын мэргэжлүүдээр турших практик сургалтууд зохион байгуулагдана.