
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийжээ. Харин есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К энэ сарын 21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, 09.23-ны өдрийн 09:00 цагаас “Хоног толгой” гэдэг газраас “Вест камп” хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17.00 цагт түр зогсоосон. 09.24-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.