
Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Энэ хэрээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн гурван жилд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Иймд цагдаагийн байгууллага “Яараад яахав дээ” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж буй. Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувь буурсан сайн үр дүн гарсан.
Иймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, соёл төлөвшүүлэх зорилгоор ЦЕГ, ЗТХЯ, НЗДТГ, “Оюутолгой” ХХК хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Батжаргал: “Яараад яахав дээ” аяны хүрээнд осол, эндэгдлийг 10 хүртэлх хувиар бууруулж чадсан. Иймд бид дахин “Дураараа биш ээ дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Учир нь Монгол Улсад өнөөдрийн байдлаар 970 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийг тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.
Үүнийг даган зам тээврийн осол, хэрэг зөрчлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Жолооч, замын хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрмээ мэдсээр байж биелүүлдэггүй.
Тухайлбал, гэрлэн дохио зөрчих, уулзвар гарц нэвтрэх журам зөрчих, явган зорчигчид зам тавьж өгдөггүй, хамгаалалтын бүс хэрэглэдэггүй зөрчлүүд нэлээдгүй гардаг.
Тиймээс бид төв суурин газруудад жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр энэ арга хэмжээг эхлүүлж байна.
Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат: Соёлын эх нь дүрэм. Дүрмээ биелүүлж байж л соёл, сахилгатай болно. Цаашлаад зам тээврийн ослын тоо буурч, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах дадал хэвшил тухайн хүнд сууна. "Яараад яахав дээ" аян орон нутгийн замд үргэлжилж байгаа бол хот, суурин газруудад "Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг зохион байгуулах юм.
Учир нь нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцогсдын дүрэмч бус ажиллагаа буюу бие биедээ хүндэтгэлгүй ханддагаас болж зам тээврийн осол хэргийн 80 гаруй хувь нь үйлдэгддэг. Үүнээс болж улсад жилд 24 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. 500-600 хүн нас барж, 4000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг. Иймд энэхүү соёлын үрийг замын хөдөлгөөний дүрэмтэй уялдуулж, зохион байгуулж байгаа юм. Ингэснээр суурин газруудад маш олон хүний амь нас эрүүл мэнд аврагдана гэж тооцоолж байна.
Тухайлбал, бидний өдөр тутам гаргаж буй багахан сахилга хариуцлагагүй үйлдэл, соёлгүй харилцаа, дүрэмч бус үйл ажиллагааны золиос нь асар олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болоод байгаа юм шүү. Хэрэв олон нийт бидний эгнээнд нэгдвэл зам тээврийн осол маш өндөр хувиар буурах төлөвтэй байна. Аливаа төсөв, санхүү шаардахгүйгээр иргэд өөрсдийн гаргаж буй үйлдлээ зөв болгосноор түгжрэл, үүнээс үүдэлтэй зам тээврийн ослыг бууруулж чадна.