
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний VI бүгд хурал, уг сүлжээний гишүүн 22 оны төлөөлөгчдөд зориулсан “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалт энэ өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
АТГ, Австралийн Холбооны цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй хурлын үеэр авлигын болон бусад гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг царцаах, буцаан авах арга хэмжээг дээрх сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагатай хамтран хийж, үр дүнд хүрэх боломжтойг олон орны төлөөлөл онцолж байлаа. Манай улсын хувьд ARIN-AP сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын байгууллагатай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгийг олж тогтоон, эх оронд нь буцааж байсан юм. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн яснуудыг БНСУ-аар дамжуулан гуравдагч оронд илгээх гэж байхад нь Өмнөд Солонгосын тал таслан зогсоож, манай улсад дээрх сүлжээг ашиглан буцаан өгч байв.
Энэ бүхэн ARIN-AP сүлжээг ашиглан мэдээлэл шуурхай солилцсоны үр дүн гэж оролцогчид онцолсон. Тэгвэл манай улс хууль эрх зүйн орчноо сайжруулж, гадаад улс оронтой хамтран ажилласны дүнд сүүлийн хоёр жилд АТГ-аас гадаад орнуудаас 70 гаруй мэдээлэл авсан аж. Мөн тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэн олон улсын түвшинд хөрөнгө буцаах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ. Энэ онд ч хэд хэдэн хэрэг шалгаж шийдсэн бөгөөд эрүүгийн 22 хэргийн холбогдогчдын 45 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг гадаадад битүүмжилжээ.
Г.Равжаа