
60 тэрбум төгрөгийн гэх хэрэгт нэр нь холбогдсон НИТХ-ийн дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байгаа бөгөөд хэргийн урьдчилсан шүүх хурлын хэлэлцүүлэг 2019 оны аравдугаар сарын 07-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшиллоо.
Энэ талаар Ц.Сандуй "Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдож, аравдугаар сарын 7-ны өдөр болгон зарлалаа. Гэрчээр Г.Доржзодовыг дуудна. Энэ бол цэвэр улс төрийн зохиомол хэрэг гэдгийг л хэлье" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдэнд Эрүүгийн хуулийн 19.2-д зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар 12-20 жилийн ял төлөвлөж магадгүй юм байна.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.