
МҮОНРТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярихдаа "Өнгөрсөн зургадугаар сард МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын сэтгүүл зүйг худалдагдсан гэж ярьсан. Сэтгүүлч та бүгдийг худалдагдсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна.
Х.Мандахбаяр хэвлэн нийтлэх эрхийн төлөө тэмцэнэ гэж амлачихаад бодит байдал дээр уул уурхайтай тэмцээд явж байна. Өнөөдөр хэн дуртай нь сэтгүүлчийг муу муухайгаар доромжилдог боллоо. Сүүлдээ сэтгүүлч хэмээн өөрийгөө танилцуулахаас ч ичиж байна. Бид хувь, хувьсгал хоёроо ялгадаг ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна. Энэ салбарын нэр хүндийг өргөдөг хүн Монголын сэтгүүл зүйг төлөөлөх ёстой.
Иймд Монголын сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулахыг санаачилж байна. Унасан салбарынхаа нэр хүндийг аваръя” гэлээ.