
XXI зуунд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар дэлхий нийтээр анхаарах болсон. Манай улсын эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилгоор “XXI зууны эмэгтэйчүүд” төслийг санаачлагчид Зууны 100 эмэгтэйг сонгон шалгаруулах болжээ. Энэ талаар Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Хийсэн, бүтээснээрээ олонд танигдсан 100 эмэгтэйг алдаршуулах төслийнхөө талаар танилцуулахгүй юу.
-1921 оны Ардын хувьсгалаас 2021 он хүртэлх нэг зуун жилд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан охид, эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэл, ололт амжилтыг олон нийтэд таниулах зорилготой төсөл юм. Өдгөө XXI зуун хэдий ч дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа. Харин манай улсад хүчирхэг эмэгтэйчүүд олон, зарим оронтой харьцуулахад эрх тэгш байдлын түвшин харьцангуй өндөр. Эрхээ хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд чухал хувь нэмэр оруулсан өмнөх үеийн бүсгүйчүүдийг алдаршуулах хэрэгтэй. Тиймээс 100 эмэгтэйн 50-ийг 1921- 1971 онд амьдарч байсан хүчирхэг бүсгүйчүүдээс сонгох болсон.
-Эхний 50 эмэгтэй 1971 оноос өмнөх үеийнх бол сүүлийнхийг ямар шалгуураар тодруулах вэ?
-Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөн, эсвэл олон улсад Монголоо таниулан сурталчилсан бол өрсөлдөх эрх олгоно. Өрсөлдөж буй эмэгтэйчүүдийг санал асуулгаар тодруулах юм.
-Монгол эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй байдаг гэж хэллээ. Үүнийг хэрхэн нотлох вэ?
-1924 онд Д.Пагмадулам Монголын эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулсан. Холбооны 95 жилийн ойг энэ онд тэмдэглэсэн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Азийн ууган байгууллага нь энэ холбоо юм. Хувьсгалаас өмнөх үед богтлох хэмээх ёс байсан гэдэг. Нэг ёсны хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Харин тухайн үед зоримог шийдвэр гаргаж эрхийнхээ төлөө тэмцэж чадсан бүсгүйчүүдийн ачаар өдгөө хүн бүр эрх тэгш болсон.
-Төслийн хүрээнд ямар ажлууд хийх бол?
-2021 он хүртэл санал хураана. Тэр болтол өмнөх 50 эмэгтэйн намтар, дурсамжийг цуглуулж, ном хэвлүүлэх юм. 100 эмэгтэйн намтар бүхий хоёр боть ном хэвлүүлэх зорилготой. Охид, бүсгүйчүүдийн гарын авлага, ширээний ном болох байх.
Ж.Отгонтуул