
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км, тосгоны төвөөс хойд зүгт 6 км-т/ 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр “Хөвсгөл” нууранд живсэн иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашиныг тухайн үед цаг агаарын байдлаас шалтгаалан гаргах боломжгүй байсан тул 02.07-ны өдөр зогсоосон аж. Тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг есдүгээр сарын 30-ны өдөр иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 2 автомашинтай 09.30-ны өдрийн 16:45 цагт очиж, 30 метрийн гүнд 2 удаагийн шумбалтаар холболтыг хийж, эргээс 200 метрийн зайд (Катер N6071 загварын усан онгоцоор) татан авчирсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:37 цагт түр зогсоосон. Өчигдрийн 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
Тус машин нь Хөвсгөл нуурын "өрх" рүү орсны улмаас осолдсон байна. "Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг бөгөөд Хөвсгөл нуурт хэд, хэдэн өрх байдаг ажээ.