
Хошууч генерал А.Ганбат аравдугаар сарын 1-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Тэрбээр "Миний бие удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан. ЗХЖШ-ын даргын албан тушаалыг нэг ч өдөр завсардуулж болохгүй тул ийм шийдвэр гаргасан" хэмээн тайлбарласан. Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.
Бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна.