
Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ сарын 6-ны өдөр малчин айл руу баавгай дайрч, хоёр үхэр барьсан хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчдын ярьж байгаагаар баавгай нэг айлаас өдөр бүр нэг хонь, нэг ямаа авч явдаг гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй, 120 кг савтай айраг тэвэрч зугтсан хэрэг гарсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Сүүлийн үед хүн, мал руу баавгай дайрах үзэгдлийг амьтан судлаачид тайлбарлахдаа "Энэ жил самар, жимс бага ургасан учир баавгай ичихээсээ өмнө тарга авахын тулд ой хөвчөөс гарч ан хийж байна" хэмээн ярьж байв. Одоогоор суурин газарт орж ирсэн баавгайн тоо 24-т хүрээд байна. Өмнө нь 1966, 1971, 1988 онд баавгай хорхойтож, суурин газар руу бууж ирэн хүн барьсан тохиолдол гарч байжээ.