
Сайжруулсан шахмал түлшний асуудлаар чөлөөт сэтгүүлчдийн төлөөлөл Б.Галсансүх, Б.Батхүү, Ч.Мөнхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ноцтой мэдээ сонины эрхлэгч Б.Галсансүх: Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой асуудлаар намууд улс төржих нь арай дэндлээ. МАХН, АН зэрэг намууд улс төрийн ашиг сонирхлынхоо төлөө дахин олон хүн талийгаач болоосой, угаартаасай гэж хүсэж байх шиг байна. Монголчуудын амь насан дээр дөрөөлж бүү улс төр хийхээ зогсоо.
Хотоороо хордож үхэх аюулд хүрээд байхад Засгийн газар энэ бодлогоос ухрах ёсгүй.
Чөлөөт сэтгүүлч Б.Батхүү: Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа хамгийн том, хямд өртөгтэй ажил бол "шахмал түлш". Монголчууд шинэ зүйлд удаан дасдаг учир нэгээс хоёр жилийн дараа хэрэглээд сурчихна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар зөв зүйтэй ажил хэрэгжүүлж байгаа энэ үед ганц нэг хүний хариуцлагагүй байдлаас болж засгийн ажлыг хойш татаж болохгүй. Анх Монголд газ орж ирэх үед олон хоолны газар тэсэрч, дэлбэрч л байсан. Шинэ зүйлтэй нүүр тулж байгаа учир иргэд үүрэг хариуцлагаа өндөр байлгах ёстой юм. Би гэр хороололд амьдардаг хүний хувьд хэлэхэд шахмал түлшний халалт, илч үнэхээр сайн байна. Иргэд ээ, тэр зуух, яндангаа сайн янзал л даа.
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр: "Утаанд хохирогчдын аав, ээж нарын холбоо"-ны судалгаагаар утаанаас үүссэн уушги, зүрх судасны өвчнөөс улбаалан нийт 30 мянга гаруй хүн нас барсан. Үүний дотор хэвлийдээ, мөн уушгины сүрьеэгээр амиа алдсан олон үрс бий. Тэр 30 мянган хүн шиг цаашид хэчнээн хүн утаанаас болж нас барах юм бэ?
Тун удахгүй нийслэлчүүд бүгд угаартаж үхэхэд ойрхон байна. Зарим улс орон шахмал түлшний ачаар утаанаас ангижирсан. Хүн төрөлхтөн шинэ зүйлийг хэрэглэх бүртээ сорилттой тулгарч байсан. Жишээ нь анх монголчууд зуух хэрэглэдэг болох үед олон хүн түлэгдэж байсан. Өнөөдөр бүгд зуухыг хэрэглээд сурчихсан л байна шүү дээ. Мөн хүн төрөлхтөн анх машин, галт тэрэг ашиглаж эхлэх үед олон хүн дайруулж үхсэн. Европод Аж үйлдвэржилтийн эхний үед олон хүн хөл, гараа тайруулсан. Тэр бүх цаг үед зарим нэг хоцрогдсон хүмүүс шинэчлэлийг эсэргүүцэж байсан юм.
Шахмал түлшийг хэрэгжүүлэхгүй бол нийт улс үндэстнээрээ хордож үхэх аюулд хүрээд байна. Гагцхүү хэрэглэгчид бид өнгөрсөн алдаагаа засах ёстой. Шахмал түлшээ зөв хэрэглэцгээе.