
Долоо дахь удаагийн “Экспо Монголиа -2019” үзэсгэлэн “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр эхэллээ. Маргааш өндөрлөх энэхүү үзэсгэлэн нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бизнесийн холбоо тогтоох, бусад орны мэргэжил нэгтнүүдэд өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ технологийг танилцуулах, бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад зуучлах зорилготой юм.
“Экспо Монголиа”-г зохион байгуулагчид Германы эдийн засаг, хамтын ажиллагааны яам, Германы хүнд, хөнгөн машин үйлдвэрлэгчдийн холбоо, Чех улсын худалдааны танхим, үйлдвэр, аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг аж.
Тус үзэсгэлэнд барилга байгууламж, уул уурхай, нүүрс, байгалийн нөөц баялаг, дэд бүтэц, байгаль орчны технологи, тоног төхөөрөмж, туслах эрчим хүч, цахилгаан, эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, үйлчилгээ, хөдөө аж ахуй, ойжуулалт, хоол хүнс, тээвэрлэлт болон логистик, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбооны технологи, банк санхүү, боловсрол, нийгмийн үйлчилгээний салбарынхан оролцож байгаа бөгөөд 3 өдрийн турш эрдэм шинжилгээний хурал, семинар, зөвлөгөөн болж оролцогчид өөр хоорондоо туршлага солилцсон юм. Мөн энэ үеэр ажил хэрэгч олон илтгэл тавигдсан.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын Усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхүү, ХБНГУ-ын Усны академитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурснаар ус, байгаль орчныг хамгаалах, хүний нөөцийг сургах, боловсруулах, туршлага солилцох зэрэг ач холбогдолтой.

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар