
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай өнөөдөр уулзав.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Монголын Эзэнт Гүрний шашны талаар явуулсан бодлого” сэдвээр ирэх тавдугаар сард НҮБ-ын Женев дэх төвд гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн бусад шашинд хүлээцтэй хандах үзэл, шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих НҮБ-ын зорилтод шууд нийцэж буйг онцоллоо.
Мөн зохих түвшний мэдлэг, боловсролтой монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллах өргөдөл өгөхөд дэмжиж ажиллахыг Т.Валоваягаас хүслээ.
Ерөнхий захирал Т.Валовая Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг тэмдэглээд, Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг дэмжив. НҮБ-ын Женев дэх төвд монгол иргэдийг ажиллуулах тухайд монголчууд мэргэжлийн болон гадаад хэлний өндөр ур чадвартай болохыг онцоллоо.