
Цаг уурын байгууллагаас 2019 оны аравдугаар сарын 14-нөөс 21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэс хур тунадас, уулаараа цас орж, сэрүүсч, салхи шуургатай байх гэнэ.
Тухайлбал, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.