
Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 291 дахь өдөр бөгөөд он дуусахад 74 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2688.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 380.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хариуцлагатай, эрүүл, эрдэм мэдлэгтэй эрчүүдийг нэгтгэсэн "Зөв эрчүүд" клубын нээлт болно.
- Германы нэрт аялагч судлаач Х.Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт ГХЯ-нд 10.00 цагаас болно.
- Монголын Аялал Жуулчлалын Холбооноос энэ сарын 18-19-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд анх удаа "Outbound Travel Mart (#OTM)" Гадаад аяллын үзэсгэлэнг зохион байгуулна.
- 11.00 цагт ОБЕГ-т Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа 2 алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадам нарт таван ханатай өргөө цагаан гэр гардуулна.
- “ЦАЙНЫ ЗАМ БА НҮҮДЭЛЧИД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ хурал 09.00 цагаас Соёлын төв өргөөний 3-р давхарт, Шинжлэх ухааны академийн 303 тоот хурлын танхимд эхэлнэ.
- “Дэжидийн Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн “Дебют театр”-т 14.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Пакистанд Беназир Бхутогийн машиныг дагаж явсан мотоциклын цувааг амиа золиослогч дэлбэлсний улмаас 130 хүн нас барж, 450 хүн шархаджээ.
- 2003 онд Боливын Ерөнхийлөгч Гонсало Санчес де Лосада албан тушаалаасаа огцрон тэр өдөртөө гэр бүлийн хамт эх орноосоо зугтан гарчээ.
- 2002 онд Москва хотын төв Шинэ Арбатын гудамжинд Магадан мужийн захирагч Валентин Цветковыг буудан хороожээ.
- 1969 онд сансарт анх удаа Фелисетт нэртэй муур нисжээ.
- 1954 онд Texas Instrument компани анхны радиодолгион хүлээн авагч бүтээжээ.
- 1867 онд хаант Орос Аляскийг АНУ-д шилжүүлэх ёслолын ажил болжээ.