
“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаас шийднэ.
Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн жил эхэлснээс хойш 50 хоногийн дотор буюу энэ оны хоёрдугаар сарын 19-ний дотор тус компанийн ТУЗ хуралдах юм байна. Уг хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 онд олсон цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм.
Учир нь энэ асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн нь нийгэмд ийнхүү хүлээлт үүсгээд байгаа юм.
Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээлэлд дурдсанаар, өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум ширхэг хувьцаа эзэмшдэг. Нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд тус тус эзэмшдэг бол 14.5 хувийг нь Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ.