
Улаанбаатар смарт карт” ХХК-аас "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар тус компанийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулна. Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх, 5 орон таарвал 500,000 төгрөг, 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно. Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал сар бүр азтан тодруулна" гэлээ.
Мөн нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх бөгөөд жилийн туршид 120 сая төгрөгийн хонжворыг 1,321 хүнд олгохоор төлөвлөсөн байна. Азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд иргэд иргэний үнэмлэх болон смарт картын хамт ирж шагналаа авах ба шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах аж.
"Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэд хамрагдахгүй.
Сугалааны тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас телевизээр болон фейсбүүк хуудсаар шууд хүрнэ.
Иргэн та u-money.mn сайтад бүртгүүлснээр тухайн сард хэдэн удаа зорчсон тухай мэдээллээ шалгах боломжтой.