Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Олон улс Америк, Европыг аялдан дагахыг хүсэхгүй байна”

2022-08-08

“Их-7”-гийн удирдагчид өнгөрсөн зургадугаар сард Германы Бавар мужийн Альпын нуруунд уулзахдаа Украинтай эв санаа нэг байхаа амласан. Харин тэдний “Их-20”-ийн хамтрагчид энэ талаар санал нэг биш байна. “Их-20”-д дэлхийн нийт үйлдвэрлэлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг орнууд багтдаг. Тиймээс тэд манай ертөнцийг илүү сайн төлөөлж, ашиг сонирхлыг илүү сайн тусгадаг. Гэхдээ энэ эвслийн гишүүдийн тал хувь нь л ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдсэн тухай “Bloomberg” бичжээ.

Манай гаргийн долоон баян орны өндөр албан тушаалтнууд дэлхийг тойрон аялж, Орос улсад үзүүлж буй засгийн дарамт шахалтаа чангатгахыг уриалж байна. Гэвч “Их-20”-ийн орнууд Москвад шийтгэлийн арга хэмжээг тойрч гарахад туслахгүй хэрнээ дарамт шахалт үзүүлэхийг дэмжихгүй байгаа нь гайхашруулав. Ийм таагүй байдалтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Зүүн өмнөд Ази, Африкт урт удаан хугацааны айлчлал хийх үеэрээ тулгарчээ. Оросыг тусгаарлахыг оролдож буй АНУ, Европыг дагахыг дэлхийн ихэнх улс орон хүсэхгүй байна. Үүний улмаас “Их-7”-гийн дэвшүүлж буй, Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоох дэлхийн санаачилгын талаар тохиролцоход ихээхэн хүндрэл учрах болно. Түүгээр ч зогсохгүй энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний хамгийн чухал холбоотон Хятадын удирдагч Си Зиньпинд олон улсын тавцанд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хүч, зориг өгч буй.

КРЕМЛИЙГ БҮСЛЭН ХААХ ХҮСЭЛТЭЭС ХЯТАД ДАНГААР ТАТГАЛЗААГҮЙ

“Их-7”-гийн гол тээг нь Хятад улс болжээ. Украинд Орос байлдааны ажиллагаа явуулж эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Си Зиньпин В.Путинтэй хүчин чармайлтаа нэгтгэж, “үй зайгүй” нөхөрлөхөө мэдэгдсэн. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Хятад улс Оросоос худалдан авах нефтийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн. Зургадугаар сард л гэхэд жилийн өмнөхөөс 72 хувиар их мөнгийг үүнд зарцуулсан байна.

Ямартай ч Хятад улс АНУ-тай ширүүн сөргөлдөх боллоо. Өнгөрсөн долоо хоногт Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайбэйд хийсэн айлчлал, мөн Тайванийн эргэн тойронд Хятадын хийж буй үйлдлүүдэд санаа зовниж буйгаа мэдэгдсэн “Их-7”-той Бээжингийн хийсэн маргааны улмаас байдал эрс хурцдав.

Мөн өнгөрсөн долоо хоногт Камбожид төлөвлөсөн “Их-7”-гийн гишүүн Япон болон Хятадын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Бээжин цуцаллаа. Тайванийн ойролцоох сургуулилалтын үеэр Хятадаас харвасан баллистик пуужингуудын зарим нь эдийн засгийн онцгой бүсэд нь унасан (анх удаа) гэж Токио өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Гэхдээ Кремлийг бүслэн хаах хүсэлтээс татгалзсан цорын ганц улс нь Хятад биш. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн сарын 1-нд В.Путинтэй утсаар ярьж, худалдаагаа хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцжээ. Нутаг дэвсгэрт нь үргэлжилж буй дайсагналцалд Украин Оросын адил буруутай гэж Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Луис Инасиу Лула да Силва мэдэгдэв.

АНУ тэргүүлэн авсан хориг арга хэмжээг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса шүүмжилсэн байна. Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ Анкарагийн эдийн засаг, улс төрийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж Турк дүгнэжээ. Тодруулбал, нефть, хийн үнэ өсөж, аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлсний улмаас 35 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж тус улсын өндөр албан тушаалтан хэлсэн байна.

Бээжингийн эсрэг ардчилсан орнуудын эвсэл байгуулах хүчин чармайлтыг АНУ тэргүүлж буй. Вашингтон Орост экспортын хяналт тавихын тулд 37 улстай хамтран ажиллаж байгаа нь Хятадын заналхийллийг эсэргүүцэх шинэ тогтолцооны загвар болох юм гэж АНУ-ын Худалдааны яамны дэд сайд Алан Эстевез өнгөрсөн сард мэдэгджээ. Гэхдээ энэ салбарт ч АНУ болон тэдэнтэй үзэл бодол нэгтнүүдийн олох амжилт хязгаарлагдмал. Учир нь “Их-20”-ийн гишүүд, тэр дундаа энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч Индонез улс Хятадын төрийн өмчит компаниудтай томоохон гэрээ байгуулан, худалдааны тэнцэл нь урьдын адил БНХАУ-ын талд ашигтай тусаж байна. Нефть экспортлогч орнуудын байгууллагын хүрээнд Москватай найрсаг харилцаатай Саудын Арабыг жишээ болгон авч үзье. Тус улс мөн Бээжинтэй найрсаг харилцаатай байдаг. Хил дамнасан ухаалаг, аялал жуулчлалын хот байгуулах Неом төсөлд нь Хятадын олон компани хэдийн оролцоод эхэлснийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман саяхан мэдэгдсэн.

Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден саяхан Саудын Араб улсад айлчлах үеэр тус орноос АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Рима бинт Бандар сэтгүүлчдэд хэлэхдээ, нэг гудамжинд байдаг “Макдоналдс”, “Бургер кинг” хоёрын аль нэгийг нь сонгох хэрэг болдог шиг Америк, Хятадын технологийн аль нэгийг сонгох шаардлага Эр-Риядад байхгүй гэж мэдэгджээ.

Гадаад бодлогын ийм хандлага нь нөлөөний төлөөх тэмцэлд түлхэц өгсөн байна. Германы Канцлер Олаф Шольц зургадугаар сарын сүүлчээр Украинд зориулсан “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж буй Аргентин, Индонез, Энэтхэг, Өмнөд Африкийг тусгайлан урьсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Оросын цөмийн технологийн төлөө магтан сайшаах үед ийм зөөлөн хүчний тэмцэл өнгөрсөн сард Африкт ажиглагджээ. Тэрбээр завшааныг ашиглан Африкийн чөлөөлөх хөдөлгөөнийг Орос улс аль эртнээс дэмжиж ирснийг онцлон тэмдэглээд, дараа нь хориг арга хэмжээний улмаас хүнсний хямрал үүссэнээс бус, Украины үр тариаг боомтуудад бүслэн хаасан оросууд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдэв.

Москва С.Лавровын мэдэгдлийг хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр баталжээ. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Африк тивд хийсэн айлчлалынхаа үеэр Оросыг тус тивд “дэлхийн шинэ төрлийн эрлийз дайн” явуулж байна хэмээн буруушаав.

Хятад ч мөн адил Африкт үйл ажиллагаа явуулж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумыг БНХАУ гурван жил тутамд тус тивийн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг. Хятадын удирдагч тус уулзалтад оролцож, бараг бүх төрийн тэргүүнтэй нүүр тулан уулзаж байгаа. Бээжинд уулзалт болоход бүх зочноо улаан хивстэй угтдаг. Жижигхэн Экваторын Гвинейд Нигерийн адил ханддаг. Харин Вашингтон зочдод ийм анхаарал тавьдаггүй.

КУБА УЛСЫН МЭДЭГДЛИЙГ 62 ОРОН ДЭМЖЖЭЭ

Африкийн улс бүр НҮБ болон түүний байгууллагад дуу хоолойгоо хүргэдгийг Хятад улс мэддэг бөгөөд энэ мэдлэг нь түүнд дипломат оноо авчирдаг. Энэ онд АНУ-аас Хүний эрхийн зөвлөлд захидал илгээж, Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр Бээжинг буруушаажээ. Үүнд 47 улс, тэр дундаа Америкийн Европын холбоотон орнууд гарын үсэг зурсан. Куба хариуд нь Хятадыг дэмжсэн мэдэгдэл хийснийг дэлхийн өмнөд хэсгийн голдуу 62 улс дэмжин гарын үсэг зурсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдрөөс эхлэн Азиас Өмнөд Африк, дараа нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Руанда руу аялахаар шийдсэн нь Хятад, Орос хоёрын санаачилгыг булаах гэсэн оролдлого шиг харагдаж байгааг ажиглагчид тэмдэглэжээ.

Өмнөд Африкт эрх барьж буй Африкийн үндэсний конгресс нам Оростой ажил хэргийн нягт харилцаатай. Тэрбумтан, олигарх Виктор Вексельберг тус намын хамгийн том хандивлагч болсон нь түүний хамгийн сүүлийн мэдэгдлээс харагдаж байна. Харин тус намын харьяаны хөрөнгө оруулалтын “Chancellor house” компани Өмнөд Африк дахь В.Вексельбергийн манганы уурхайд хувь эзэмшдэг гэнэ.

Ж.Байден Африкийн удирдагчдыг ирэх арванхоёрдугаар сард Вашингтонд дээд хэмжээний уулзалтад урихдаа эдийн засгийн шинэ харилцааг хөгжүүлэхийн тулд нийтлэг үнэт зүйлсээ тулгуур болгохоо мэдэгджээ. Уулзалтаар цар тахлын бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын талаар ярилцах бөгөөд энэ нь ардчилал, хүний эрхийн төлөөх Америк, Африкийн үзэл баримтлалыг бэхжүүлэх гэнэ.

“ЗӨӨЛӨН ХҮЧ”, ХАМГААЛАГЧ ХООРОНДЫН ӨРСӨЛДӨӨН

Харин Жоржиа муж улсын их сургуулийн доцент, дэлхийн харилцаа судлаач Мария Репниковагийн хэлснээр Хятад улс боловсрол, ажлын байранд тулгуурлан, технологийн дэвшил, ядууралтай тэмцэж буй амжилтаа харуулсан зөөлөн хүчийг прагматикаар ашиглаж байгаа нь дэлхийн өмнөд хэсгийнхний анхаарлыг АНУ-ын үнэт зүйлээс илүү татдаг байна.

“Москва дэлхийн өмнөд хэсэгт ойртохын тулд өөр арга хэрэглэж байна. ОХУ хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хятадын хамрах хүрээ илүү өргөн ч Орос улс нийгмийн сүлжээнүүд, дипломат яриа хэлэлцээ ашиглан тайлбар, өгүүлэл бичих талаар маш шаргуу ажиллаж буй” гэж “Хятадын зөөлөн хүч” ном бичсэн М.Репникова ярилцлагадаа дурджээ.

Орос улс энэ аргыг зөвхөн Африкт төдийгүй Ази, Латин Америкийн орнуудад ч ашигладаг гэж тэрбээр тэмдэглэв. Орос тийш “Ковид-19”-ийн эсрэг вакцинаа нийлүүлсэн бол Хятад улс тэнд маш их хөрөнгө оруулалт хийж байна.

Украиныг үл тоомсорлодгоо харуулан Өмнөд Америкийн худалдааны MERCOSUR эвсэл өнгөрсөн сарын сүүлчээр болсон уулзалтын үеэр Владимир Зеленскийн үг хэлэх хүсэлтийг хүлээж аваагүй.

Ирэх арваннэгдүгээр сард болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын урилгыг В.Путинд өгөхөөс татгалзахыг шаардсан ч Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо эвсэлд үл нэгдэх уламжлалт шугамаа баримталж байна. Тэрбээр ОХУ-ын болон Украины Ерөнхийлөгчийг хоёуланг нь Балид урьсан аж.

Жоко Видодо Москва, Киевт айлчлах үеэр Хятадын Торгоны замын сан Индонезийн шинэ баялгийн санд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь өнгөрсөн сарын 1-15-нд “IntelTrak” цахим хуудсанд бүртгэгдсэн Хятадын хамгийн том хөрөнгө оруулалт байв. М.Репниковагийн үзэж байгаачлан сүүлийн үед болж буй үйл явдлууд нөлөөний төлөөх тэмцэл хурцдаж байгааг харуулж байна. Тиймээс маш чухал зүйл санал болгохгүй бол байр сууриа өөрчлөхийг улс орнуудад итгүүлэх боломж маш хомс болжээ.