Цаг агаар хүйтрэхийн хэрээр нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж муудаж, хүлээгдлийн хугацаа уртассаар байгааг иргэд сүүлийн үед ихээхэн шүүмжилж буй. Тэгвэл Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны хүртээмж, хүлээгдлийг зохицуулах чиг үүрэг бүхий шуурхай штаб ажиллуулж эхэлснээ мэдээллээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн гэв. Энэ талаар тус газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд “Нийтийн тээвэрт даваагаас баасан гараг хүртэл өдөр бүр 1186, бямба, нямд 1081 автобус иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд автобусаар өдөрт давхардсан тоогоор 670 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг. Замын түгжрэлээс болоод автобус хүрэлцэхгүй, нэг талдаа гараад зогсчихдог үзэгдэл түгээмэл. Харин шуурхай штаб байгуулснаар Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран тодорхой чиглэлүүдэд зохицуулалт хийж, авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн зориулалтаар чөлөөлснөөр хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн” гэлээ.
Түүнчлэн автобусны хүртээмж, хүлээгдлийг зохицуулах ажлын хүрээнд аравдугаар сарын 28-наас эхлэн тоог нь үе шаттай нэмснээр эрэлт ихтэй чиглэлд зорчигчийн урсгал зургаан хувиар өсөн, тэр хэрээр иргэдийн санал гомдол ч буурсан гэсэн юм. Улмаар шөнийн автобус өдөр бүр 22.00-02.00 цаг хүртэл “Таван шар-Офицеруудын ордон”, “Сүхбаатарын талбай-Нисэх”, “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”, “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байгаа аж.
О.Оргилох