Монголын холимог тулааны “Mongol fighting championship” тэмцээнийг АНУ-ын “Dragon house” холбоотой хамтран Сан Франциско хотын “Кезар павильон” ордонд энэ сарын 14-нд зохион байгуулна. Эл тэмцээний оргил тулаанд “MGL-1” холбооны аварга, Хилийн цэргийн хошууч Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой хагас дунд жингийн аваргын бүсний төлөө тулалдах юм. Түүнээс гадна Орхон аймгийн “Erdenet MMA” клубийн тамирчин Д.Адьяахүү, “One team fighting center”-ийн тулаанч С.Чингис нар Гүрж улсад болох холимог тулааны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Тбилиси хотод хөл тавьжээ. Д.Адьяахүү өнгөрсөн сард Ангол Улсын Луанда хотод зохион байгуулсан холимог тулааны “Дэлхийн цом”-д оролцохдоо 61.2 кг-ын жинд эзэн орны тамирчин Сандро Де Бритог шүүгчдийн саналаар ялж, С.Чингис Ташкентад болсон холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн ДАШТ-д оролцох эрх гардсан аж. Мөн Гавьяат тамирчин “Төмөр нударга” хочит М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын” Гочон скай доум” цэнгэлдэхэд Дагестаны тамирчин Али Гаджиевтай энэ сарын 21-нд 20 мянган үзэгчийн өмнө тулалдахаар боллоо.