Дэлхийн уламжлалт харвааны аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Энэ удаа Монгол Улсаас 53 харваач 30, 70, 90, 145 метрийн зайд 38 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдөхөөр Ульсан хотыг зорьсон. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Их Богдын оргилууд” клуб, “Тэнгэрийн сум” багийн харваач, Азийн аварга Б.Ганзориг 30, 70 метрийн зайд нийлбэр оноо (337.41)-гоор хошой алтан медалийн эзэн боллоо. Шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, гран при шагнал гардсан тэрбээр 2025 онд тус хотод болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд тэргүүлсэн бол Киргизийн Бишкек болон Чолпон-Ата хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан Дэлхийн нүүдэлчдийн их наадамд аваргалсан юм. Түүний цэц сорьсон зайд Казахстаны харваач Жунусов Алмаз (316.95) удаалан, Өмнөд хөрш (ӨМӨЗО)- ийн тамирчин Жаргалан (290.26 оноо) III байрт оров. Түүнчлэн 90 метрийн зайд Ховдын Булган сумын уугуул, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн харваач, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр мөнгөн медалийн болзол хангаж, дэлхийн чансааны эхний 10 байрт бичигдлээ.